Sunday, April 12, 2009

Өдрөөс өдөрт ухаан сууж байна даа охин минь


Цаг хугацааны хурдан урсаж байгааг ээж нь охиныхоо өсөж өндийж байгаа ухаанаас мэдрэх юм. Ээж аав нь мэдэхгүй дууг дуулна, бүжиглэнэ, хэлсэн ярисан яриаг бүрэн ойлгоно, ялангуяа өөрийнх нь тухай яриж байвал. Ихэвчлэн солонгосоор яриж байгаа. Гэхдээ гэртээ ирэхээрээ монгол үг түлхүү хэрэглээд байх шиг. Бодвол балчир ухаандаа хаана ямар үг хэрэглээд байгааг ухаарсан байж магадгүй. Жоохон загнах юмуу болохгүй гээд хэлчихвэл цээж нь төвхөлзөөд л уруулаа өмөлзүүлээд л хамраа мушгиж ирээд л уйлах янз ороод явчихдаг болсон. Тэгээд заримдаа ээж нь за наашир тэврий гэхээр гүйж ирээд тэврүүлээд уйлахаа мартчихна, ээж нь тоохгүй байгаад байвал хошуугаа гурвалжилж ирээд л баахан уйлж аргадуулахаа хүлээнэ. Заримдаа ч өөрөө зүгээр гүйж ирээд л тэврүүлээд зүгээр болчихдог юм.
Ээжтэйгээ дух, хамар, эрүү, хацраа нааж үрж тоглох дуртай. Шөнө ээжийнхээ хүзүүгээр тас тэврээд л унтаад өгнө дөө. Хумсны хутга харахаараа ээжийнхээ хумсыг авч өгч тоглоноо. Хуруу болгоныг нэг нэгээр нь бариж байгаад л хумсыг нь авсан дүр үзүүлснээ өвдөж байна уу? гэж асуугаад жижигхэн хуруугаараа дээгүүр нь нэг илж өгдгийн. Өвдөхгүй байна гэхээр, өвдөхгүй ээ гээд л . Дараагийн хуруун дээр дахиад л өвдөж байнуу? гэж асуугаад :)
Ээж нь заримдаа орой охиноо усанд оруулахаас ядрах үе байна. Гэхдээ одоо миний охин том болоод усанд оруулахад их ажил гарахаа байсан дөө. Усанд ороод мөлчийсэн цэвэрхэн болчихсон бумбаахайгаа алчууранд ороогоод гаргахад өөдөөс ширтэх тэр мойл хар нүд нь ямар хөөрхөн гээч. Орчлон дээрх бүхий л жаргалын дээд нь тэр л хоёр нүдийг ширтэх торгон агшин мэт...бүхий л зовинол ядаргаагаа мартаад ийм охинтой болгож өгсөн амьдралд талархдаг юм.

0 comments on "Өдрөөс өдөрт ухаан сууж байна даа охин минь"

 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez