Thursday, May 28, 2009

Цэцэрлэгийн багштай нь уулзав


Анх удаагаа багштай нь уулзахаар явав. Өмнө нь ганц хоёр удаа очиж байсан л даа. Гэхдээ энэ удаа хэрэг болгож цаг аваад очиж уулзсан юм. Яг л эцэг эхийн хуралд суух гэж байгаам шиг санагдаад л байсан. Охиныхоо тоглодог өрөөнд орж үзлээ. Бүх юм нь жижигхэн тэр ертөнц. Жижигхэн сандалнууд, жижигхэн дугуй ширээ, буланд байсан нүүр гарын жижигхээн угаалтуур. Яасан ч эгдүүтэй юм дээ. Миний муу охин хар нялхаараа шахуу яслид ороод өөрөө өөрийгөө болгоод яваа амьтан даа гэж бодоод бас өрөвдөж суулаа. Гэхдээ намайг бодвол их сэргэлэн, хүмүүстэй нийтэч зантай хүн гарах нь гээд баярлаад байгаа. Багш нь их ухаантай, эгдүүтэй, үг сайн ойлгодог, идэвхитэй, эрч хүчтэй гээд л магтаад байсан. Гэртээ байхдаа гаргадаг ааш зангууд цэцэрлэг дээрээ ч ижилхэн л байдаг юм байна. Унтах дургүй, байрлал болоод эд зүйлсийг заавал байх ёстой газар нь тавьж эзэмшдэг эзэнд нь өгч байж санаа амардаг, нэг идэхгүй гэсэн юмаа яасан ч иддэггүй, эцэж цуцахыг мэддэггүй, ямар нэг юм зааж өгөхөөр маш анхааралтай сонсоод дор нь тогтоодог, хүүхдэд юмаа булаалгачаад шууд эргүүлэн булаах юмуу цохиод авах муу зангүй хойноос нь дагаад л гүйгээд байдаг, ямар нэг тоглоом юмуу хичээлд үнэн голоосоо идэвхитэй ханддаг гэх мэтийг багш нь хэлж өгсөн. Гэртээ ч гэсэн иймэрхүү л хүүхэд л дээ. Өөрийнхөө суудаг сандал дээр хэнийг ч суулгахгүй, өөрийнхөө аяга халбагаар өөр хүн юм идэж ууж байхыг зөвшөөрдөггүй. Нойронд сэргэг, хичнээн орой унтсан ч маргааш өглөө нь босоод л ирдэг. Өнөө өглөө их хөөрхөн намайг сэрэхэд дагаж сэрчээд ээж нь ажилдаа явлаа миний охин бай бай гэсэн чинь заа гээд эмээтэйгээ унтаад өгсөн. Ухаантай мундаг үр шүү.

Одоо ганцхан дутагдал нь памперснаасаа гарч чадахгүй байна. Уул нь хэдэн удаа горшокон дээрээ шээж үзсэн юм. Тэгсэн хэрнээ л сайн дасахгүй байх шиг. Өмдөндөө шээж болохгүй, заан горшокон дээрээ сууж шээдэг гэдгийг мэдээд хэлээд байгаан. Удахгүй сурна байхаа гэж бодооод л байна.

Орой ажилаа тарж очоод булцаахай охиноо тэврэх гоё шүү. Үнсээд үнсээд ханамгүй, тэврээд тэврээд ханамгүй.

0 comments on "Цэцэрлэгийн багштай нь уулзав"

 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez