Tuesday, December 23, 2008

Ээжийн эрдэнэ

0 comments
Ээжийн эрх танхил бяцхан охин минээ
Өнөө өглөө чи эрт сэрчихээд ээжийгээ ажилдаа явлаа гэхээр ойлгоод л bye bye гэж байснаа дорхноо мартчихаад л хойноос дагаж уйлаад байсан. Ээж нь өнөөдөр ажиллаад л маргааш Зул Сарын баяраар охинтойгоо цуг тоглоно шүү дээ. Хамтдаа жигнэмэг хийж үзье гэж төлөвлөөд байна. Миний жижигхэн охин гурилаар тоглох дуртай болоод байгаа. Нухаад л элдээдл. Хурдхан сураад ээждээ тусад орох гээл байгаа даа үр минь.
Саяхан дуу сонсож байгаад бөгсөө хөдөлгөж байгаа нь үнэхээр эгдүүтэй байсан. Цэцэрлэг дээрээ бас хөгжимийн аянд бөгсөө хөдөлгөж толгойгоо гилжийлгээд зөндөө бүжиглэсэн гэсэн.
Мишээлээ нь ойрдоо хамаг юмаа өмчилдөг болоод байгаа. Ээжийн утас, аавын өмд, Мишээлээгийн трико гээд л бүгдийг мэднэ. Энэ хэнийх билээ гэхээр ЕэЕэ го гэдэг нь инээдтэй. Мишээлээгийнх гэж байгаан. Өчигдөр нээрээ тэврээч гээд л гараа алдлаад ээжийгээ тэвэрч баахан наалдсан. Нялх үр минь ээжийгээ зөндөө санадаг байхдаа. Даанч ээж нь ажил хийхгүй бол болохгүй. Миний охин том болохоороо ойлгодог болноо.
Ээж нь хумсыг нь авахаа мартчаад байх юмаа. Хайхрамжгүй мартанхай муу ээж юмдаа тиймээ. Цэцэрлэгийн багш нь нүүрээ ураад байхаар нь авч өглөө гээд утасдсан. Ээжийгээ хумс авах гэхээр авахуулахгүй сахилгагүйтээд байдаг зүггүй Мишээлээ. Багш нь загнаж байгаал авсан байхдаа. Тэгж бодоод охиноо өрөвдлөө. Уучлаарай ээжийн зулзага. Ээж нь одоо мартаж байхгүй ээ.
Жинхэнэ тоть бол Мишээлээ. Аав нь нэг юм хийвэл харчихсан яг дуурайгаал зогсож байна. Хөөрхөн нүдээ дүрлийтэл нь хараад зогсож байвал ойлгосны шинж. Дараа нь яг сураад авчихсан л явж байна. Шөнөдөө сүү их уудаг болоод миний охин улам мяраалаад байх шиг. Ээж нь охинийхоо ходоодыг сунгачвуу гээл санаа зовох юм.
Бас угжнаас нь гаргамаар байна. Унтахдаа заавал угж ууж унтдаг болчихож. Үеийн хүүхдүүд нь тэгдэг болуу? Живхнээсээ гарч өөрөө горшок дээрээ суудаг болчихвол миний охин тэгээд том болчихож байгаа нь тэр дээ.

Thursday, December 11, 2008

Хорвоод мэндэлсэн өдөр

0 comments
3 сарын 25нд ээжийнхээ гэдэснээс гарах өдөр нь гэж тооцоод эмээ өвөө нь монголоос ирсэн. Тэгээд л чамайг гарахыг хүлээцгээсэн дээ. Аав нь гэдэс тогшоод л миний охин гараад ир энд гоё байна хамт тоглоё гээд л чамайг дуудна. Чи байдаггүй ээ. Ээж нь чамайг гарахад туслах гэж гадуур өвөө эмээтэй нь цуг баахан тэнэнээ. Тэгж байтал 4 сарын 2нд, аргын тооллоор хаврын дунд сарын 15н, тэргэл сартай, бороо шивэрсэн өдөр миний охин гарахаар өвдөж эхэлсэн. Урд шөнө нь жаахан жаахан базлаад ээж нь өвдсөндөө биш чамайг гарах нь гэж баярлаад шөнөжин унтаагүй. Өглөө нь аав, ээж, эмээ, өвөө бүгдээрээ эмнэлэгт ирсэн. Эмч одоо төрөхнээ хэвт гэсэн. 12 цагт сав агшаадаг тариа тариулаад. Жинхэнэ хүчтэй дуншиж эхэлсэн дээ. Ээж нь өвдсөндөө цаг хугацааг ч анхаарах сөхөөгүй. 1 минут өвдөөд нэг минут завсарлахад нь түрхэн зүүрмэглэчихдэг юм байна лээ. Миний охин ээжийгээ удаан зовоогоогүй ээ. 5 цаг өвдөөд л 17цаг2 минутад ээжийн нялзрай охин мэндэлж ээжийхээ бүлээн уургийг амласан.
Эмч чамайг ээжийнх нь өвөр дээр тавихад чи ямар бяцхан ямар гайхамшигтай ямар хайр булаамаар байсан гээч. Хав хар үстэй, цав цагаан царайтай, бумбайсан хацартай, дөнгөж төрсөн хэрнээ нүдээ нээчихсэн, ам нь ангалзаад л хэл нь булталзаад л мөөмөө хайгаад байсан. Ингээд л би ээж болчихлоо доо гэж бодохоор итгэж чадахгүй л байж билээ. Хорвоод хосгүй, хамгийн хөөрхөн хамгийн хайртай охин минь чи ингэж амьдралын анхны хуудсаа нээсэн юм шүү. Чамайг ирсэнд ээж нь маш их зөндөө их үгээр хэлж үзгээр бичишгүй их баярласан. Аав нь. Эмээ нь. Өвөө нь. Бас нөгөө эмээ нь. Ах эгч нар нь. Бүгд л тэгж баярласаан. Чи бол амьдралын бэлэглэсэн хамгийн үнэтэй хамгийн тансаг бэлэг юм шүү.

Wednesday, December 10, 2008

Түнтүүнээ

0 comments
Зуны нэгэн нарлаг өдөр ээж нь чамайг олсноо мэдсэн
Дотороосоо л инээмсэглэл цацраад, чамайг бодохоор дүүрэн баяртай, чи ээждээ тийм л аз жаргал авчирсан. Бага багаар чи томрох тусам үнэхээр гайхалтай. Хамгийн эхлээд жижигхээн хэрнээ хүчтэй зүрх чинь цохилж эхэлсэн. Ямар хурдан хурдан, чанга цохилж байсан гээч. Тэгээд дараа нь гар, хөл, хүнд байдаг бүх л эрхтэн үүсэж эхэлсэн. Ертөнцийн гайхамшиг гэж энэ л юм шиг. Эмнэлэгт очоод эход харуулах болгондоо бяцхан чамайг хэр том болоо бол гээд л ээж аав хоёр нь догдолдог байлаа.
Тэгж байтал чи гэнэт өвдөж сандаргаад. Эмч ээжийг нь хөдлөхгүй хэвт гэсэн. 7 хоног орондоо хэвтээд ээж нь монгол руу өвөө эмээ дээр нь очиж амарсан. Улаанбаатар хотод Зайсан толгой өнгөрөөд бясалгалын төв байдаг. Тэнд ээж, эмээ, өвөө нь хэд хоноод ээжийнх нь ядаргаа арилж чи ч өвдөхөө болисон доо. Хойтон жил нь чи тэнд бас өвөө эмээ ээжтэйгээ хэд хоноод гарахдаа их намуухан дөлгөөн ааштай болсон. Тэр газар их ивээлтэй сайн газар шүү.
Жоохон том болоод чи их хөдөлдөг болсон. Ээжийнхээ гэдсийг оволзтол тийрч гарна даа. Ялангуяа хүйтэн мөхөөлдөс юмуу эсвэл халуун цай уухаар бүр ч ихээр хөдөлнө.
Аав нь чамд Түнтүү гэдэг нэр өгсөн. Түнтүүнээ нь юу хийж байна, яаж байна гээд л.
Ээж нь харин чамайг аавыгаа дуурайгаасай гээд л бодож гардаг байлаа. Тэгж их бодсоны хүчинд нээрээ чи аавыгаа дуурайсан царайлаг охин мэндэлсэн шүү. Бас аав нь яг таарсан нэр өгсөн байлээ. Түнтийсэн духтай бамбайсан охин доо ээжийн үр чинь.
Чамайг гэдсэнд байхад ээж нь ер даардаггүй байлаа. Угийн бээрэг хэрнээ тэр өвөл даарах нь бүү хэл байнга л дотроосоо халууцаад л явдаг байсан.

Tuesday, December 9, 2008

Эхний хуудас

0 comments
Бичиж тэмдэглэгдээгүй юм бүхэн харанхуйн мананд хучигдаж үүрд мартагдах тавилантай аваас бичигдсэн юм бүхэн амьд мэт байх ажгуу.
И.А.Бунин


Том ч бай, жижиг ч бай хүсэл бодол, орчлон дээр амьдарсан ул мөрөө үлдээнэ гэдэг одон авахаас илүү гавьяа юм.
Г.Маркес


Ээж нь бяцхан охиндоо зориулж энэ блогийг бичихээр зориглолоо. Өсөж том болоод өөрийн бага насны тухай хорвоод ганцхан хувь энэ түүхийг уншихдаа ээжийхээ хайрыг мэдрээсэй гэж хүснэм. Ямар ч алт мөнгөөр худалдаж авч боломгүй тийм л нандин хайрын түүхийг ээж нь бичиж үлдээнээ.

Эхний хуудсыг ээж нь багадаа өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан мөртүүдээр эхлүүллээ.

Охиндоо маш их, бүхнээс илүү хайртай.
 

Мишээл Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez